Баянхонгорын малчид Шилийн хотоос туршлага судаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөл, Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран 2 орны хамтран туршлага судлах аялал зохион байгуулжээ.
Аялалд Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, Баянцагаан, Шинэжинст, Өлзийт, Жаргалант, Эрдэнэцогт, Баянхонгор, Галуут зэрэг сумдаас нийт 35 малчин хамрагдсан байна.
Малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимээр төрөлжүүлэх, малыг эрүүлжүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бэлчээрийг зөв зохистой ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малчид фермерүүд хоршиж хоршоо байгуулан ажиллах зэрэгт дээрх малчид суралцжээ. Мөн хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрүүдийг чадавхжуулах, малын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гаргах талаар олон талын мэдээ мэдээлэл туршлага хуримтлуулсан байна.
Аяллын хугацаанд сүүний үхрийн аж ахуй, хонины аж ахуй, уламжлалт цагаан идээний “Ээж” үйлдвэр, хадлан тэжээлийн үйлдвэр, цех, хадлан тэжээлийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн хоршоологчид, Зүүн үзэмчин хошууны Хар говь хоршооны хоршоологчид Баруун үзэмчин хошууны малчид, фермерүүдтэй уулзаж туршлага солилцсон аж.
Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Ээж балгасны “Хар говь хоршоо”-ны Махны чиглэлийн үзэмчин үүлдрийн хонь үржүүлдэг хуцны аж ахуй, “Хадлан тэжээлийн хоршоо”-той танилцжээ. Тэнд саалийн үнээний бордоо, тугалын тэжээл, тугалын бордоо, бүх төрлийн долооц, гахай, тахиа, туулай, хурга, хонь таргалуулах, адуу, махны үхэр бордох бордоо болон байгалийн хадлан өвсийг нөөцөлж малчидтай харилцан холбоотой ажилладаг байна. Тус хоршоо нь мөн олон улсад гахай, тахиа, шувуу, загасны тэжээлүүдийг бэлтгэж экспортлох, бүх төрлийн газар тариалангийн төхөөрөмжийг худалдах чиглэлээр малчидтай гэрээтэй ажилладаг аж.
Сонирхуулахад, Шилийн хотын ажил мэргэжлийн дээд сургууль нь 13 салбар сургууль, 900 гаруй багш 18 000 гаруй мянган оюутантай. Мал аж ахуйн салбар сургууль нь Шилийн гол аймгийн бэлчээрт ургадаг 1200 гаруй зүйлийн ургамлаас 900 гаруй зүйлийн ургамлыг өөрийн сургуулийн нутаг, бэлчээрийн лабораторид судлан шинжилдэг ажээ. Тус сургуульд Монгол улсаас 200 орчим оюутнууд Хятад хэлний бэлтгэл болон баклаврын боловсрол эзэмшихээр суралцаж байгаа юм байна.
Шилийн гол аймаг нь 2 хот 11 хошуутай ХАА-н салбарын хувьд сүүний чиглэлийн хар тарлан үнээ, мах сүүний хосолмол ашиг шимтэй симменталь үүлдэр, махны чиглэлийн үзэмчин үүлдрийн хонины аж ахуй үржүүлдэг ӨМӨЗО-ны төдийгүй БНХАУ-таа хөдөө аж ахуйн салбарын хөгжлөөрөө тэргүүлэх байр суурьтай бүс нутаг юм.
Б.Мөнхзул