НҮБ: Украины зүүн нутагт амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-09 11:35:59

ЖЕНЕВ. /ANADOLU/. Украины зүүн нутагт засгийн газрын цэргүүд болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн байлдааны ажиллагааны улмаас 8000 орчим хүн амь үрэгдээд байна гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан агентлаг мэдэгдлээ.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дундуур мөргөлдөөн эхэлснээс хойш Украины зүүн нутагт 7962 хүн амь үрэгдэж, 17 мянга орчим хүн шархаджээ.

Энэ оны тавдугаар сарын дунд үеэс наймдугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд 400 гаруй хүн амь үрэгдэж, шархадсан гэж тус газар мэдэгдээд, “Энэ нь өмнөх гурван сарынхтай харьцуулахад хоёр гаруй дахин нэмэгдсэн үзүүлэлт юм” гэв.

Засгийн газар болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд энэ оны хоёрдугаар сард гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч Украины зүүн нутгийн байдал улам дордсоор байна гэж тус газар цохон тэмдэглэлээ.

Гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байгаад сэтгэл түгшиж байгаагаа НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын албаны хүн илэрхийлсэн юм.

Түүний хэлснээр, Украины зүүн нутаг руу гадаадын байлдагчид болон зэвсгүүдийг оруулахыг ОХУ дэмжин олон улсын хуулийг зөрчиж байна.

Г.Доржханд

関連ニュース
コメント