Олзлогдсон цэргүүдийг солилцох 8 дахь ажиллагаа явагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-05 10:23:57

КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 5 /DW/. Өчигдөр буюу баасан гарагт Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцсон тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам эхлээд мэдэгдсэн бол дараа нь Украины Ерөнхийлөгч В.Зеленский уг мэдээллийг баталсан байна.


“Манай хүмүүс гэртээ ирлээ. Тэдний ихэнх нь 2022 оноос хойш олзонд байсан. Тэд бол Донецк муж, Мариуполь хот, Луганск, Харьков, Херсон мужуудыг хамгаалан тулалдаж байсан дайчид юм” гэж В.Зеленский Телеграм суваг дахь хуудсандаа бичжээ.


ОХУ-ын БХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, Истанбул хотноо 6 дугаар сарын 2-ны өдөр хоёр тал тохиролцсоны дагуу Оросын олзлогдсон цэргүүд суллагдлаа. Одоогоор тэд Беларусь улсын нутагт байгаа бөгөөд тэдэнд сэтгэл зүйн ба эмнэлгийн тусламж үзүүлж байна.  


Энэ бол Истанбулын тохиролцооны дагуу хийсэн 8 дахь солилцоо юм.


Олзлогдсон цэргүүдийн асуудал эрхэлсэн Украины Зохицуулах штабын мэдээлэлд дурдсанаар, шархадсан, хүнд өвчтэй болон 25-аас доош насны олзлогдсон цэргийн албан хаагчдыг солилцсон байна.


Истанбулын хэлэлцээний явцад хүнд шархадсан болон 25-аас доош насны олзлогдсон цэргүүдийг солилцох, түүнчлэн амь үрэгдсэн 6 мянган цэргийн албан хаагчдын цогцсуудыг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.


Үүний дараа 7 удаа олзлогдогсдыг солилцсон бөгөөд хамгийн сүүлд 6 дугаар сарын 26-нд солилцох ажиллагаа явагдсан байна. Оросын тал 6 мянган хүний цогцсыг Украинд хүлээлгэн өгсөн бол Украины тал 78 хүний цогцсыг Орост хүлээлгэн өгчээ.

 

関連ニュース