Д.Трамп, В.Путин нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-04 09:17:48

МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 4 /svoboda.org/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар пүрэв гарагт утсаар ярьжээ. Хоёр удирдагчийн яриа нэг цаг орчим үргэлжилсэн байна. 


Кремлийн мэдэгдсэнээр, Д.Трамп Украин дахь цэргийн ажиллагааг аль болох хурдан зогсоох асуудлыг дахин хөндсөн байна. Хариуд нь В.Путин Оросын тал хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгийг мэдэгдсэн хэдий ч “цэргийн тусгай ажиллагааныхаа” зорилтоос ухрахгүй гэж онцолжээ.


Харин Д.Трамп хэлэхдээ, энэ яриа “ямар ч ахиц дэвшил авчраагүй”  гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Украины нөхцөл байдалд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлсэн байна. Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Д.Трамп АНУ-аас Украинд маш их зэвсэг нийлүүлсэн, одоо ч нийлүүлсээр байгаа, дэмжлэг үзүүлэхийг хичээж байна, гэвч Жо Байдены засаг захиргаа Украинд зэвсэг өгснөөр “улсаа бараг хоосолчихсон” тиймээс “өөрсдөдөө хангалттай зэвсэг байгаа эсэхэд итгэлтэй байх хэрэгтэй” хэмээн онцолсон байна.


Орос, Украины төлөөлөгчдийн хооронд гурав дахь шатны хэлэлцээ Истанбулд хэдийд болох талаар, мөн Трамп, Путин нар биечлэн уулзах эсийг ярилцаагүй байна. 


Хоёр удирдагч Иран, Сири болон ерөнхийдөө Ойрх Дорнодын эргэн тойрны нөхцөл байдлыг мөн хэлэлцсэн байна.

Д.Трамп, В.Путин нар зургаа дахь удаагаа утсаар ярьсан нь энэ юм. Өмнө нь хоёр удирдагч зургаадугаар 14-нд утсаар ярьсан бөгөөд мөн нэг цаг орчим үргэлжилжээ. 

関連ニュース