Торгоны зам 2.0: Төв Ази дахь аялал жуулчлалын бүүм
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АСТАНА, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Сүүлийн жилүүдэд Төв Азид аялал жуулчлалын жинхэнэ бүүм явагдаж байна. 2024 онд тус бүс нутагт 28,6 сая жуулчин ирсэн нь түүхэнд бүртгэгдэж байгаагүй тоо юм.
Эл амжилт нь байгалийн үзэсгэлэнт газрууд, соёлын баялаг өв
төдийгүй тус салбарыг хөгжүүлэх талаар авч буй арга хэмжээнүүдийн үр дүн мөн.
2025 оны эхний хагас жилд
Казахстан улс 7,5 сая гадаадын жуулчдыг хүлээн авсан бөгөөд тэдний 5 сая нь тус
улсад нэгээс дээш хоногийг өнгөрүүлсэн байна. Аялал жуулчлалаас 151 тэрбум
тенгегийн орлого олсон нь өнгөрсөн оныхоос 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Жуулчдын
ихэнх нь Хятад, Энэтхэг, Турк, Герман, Өмнөд Солонгосын иргэд байлаа.
Киргиз улсад эко аялал жуулчлал,
идэвхтэй амралтын хэлбэрүүд илүү идэвхтэй хөгжиж, эхний хагас жилд гадаадын 5
сая орчим жуулчин тус улсыг зорин ирснээс 90 орчим хувь нь Төв Азиас, тэр
дундаа Узбекистанаас ирсэн байна.
Соёлын аялал жуулчлалын төв гэдгээрээ Узбекистан улс уг чиглэлд байр сууриа бэхжүүлсээр байгаа бөгөөд Самарканд, Бухара, Хива хотууд гол чиглэлүүд хэвээр байна. Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд тус улсад 7,5 сая гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 49 хувиар өссөн тоо юм. Энэ нь виз олголтыг хялбаршуулж, соёлын өвүүдийг идэвхтэй сурталчилсны үр дүн ажээ.
Тажикстан улсад түүх соёлын аялал жуулчлал зонхилж байна. Энэ оны эхний хагас жилд тус улсад 761 мянган жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 181 мянгаар илүү байгаа юм. Тэдний ихэнх нь буюу 700 мянга орчим нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын иргэд ажээ.
Төв Ази дахь ЮНЕСКО-гийн өвд
бүртгэгдсэн объектууд нь жуулчдыг татах, тус бүс нутгийг соёлын ба байгалийн аялал жуулчлалын хосгүй чиглэл болгоход гол үүргийг гүйцэтгэж байна.
Тухайлбал, Казахстан улсад:
- Хожи Ахмед Ясавигийн бунхан –
Төмөр хааны үеийн уран барилгын дурсгалт газар
- Хүрлийн үед хамаарах Тамгалагийн
хадны бичиг
- Сарыарка - Хойд Казахстаны тал нутаг ба нуурууд
- Чанъань–Тяньшаны зурвас – Торгоны
их замын дагуух эртний хотууд
- Баруун Тяньшан
- Аядуу уур амьсгалтай Тураны цөл.
Киргиз:
- Ош дахь Сулайман-Тоо уул — Торгоны
их зам дахь ариун газар
- Чанъань–Тяньшаны зурвас дахь
чиглэлүүд (Суяб, Невакет, Баласагун).
- Баруун Тяньшаны чиглэлүүд (Сары-Челек, Беш-Арал ба Падышатин).
Узбекистан улсад 7 объект бий: Хива хот дахь Ичан-Кала, Бухара хот дахь түүхэн дурсгалт газрууд, Самарканд хот, Баруун Тяньшан, Зеравшан-Каракумын зурвас, Тураны хүйтэн цөл.
Тажикистан: эртний Саразм хот,
Тажикийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тугайн ойн дархан цаазат газар,
Зеравшан–Каракумын зурвас, эртний
Хутталын хөшөө дурсгалууд.
Ulaanbaatar