Говийн Их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “Алтан гадас” одонгоор шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-12-04 11:32:03

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргааг байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор шагналаа.


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүлснийг Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын зөвлөлдөх уулзалтын үеэр уншиж танилцуулан, шагналыг гардуулсан юм. БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар энэхүү “Алтан гадас” нь төрөөс байгаль орчны салбарт анх удаа өгч буй нэр хүндтэй шагнал гэдгийг тэмдэглэн, талархал илэрхийлэв.



Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар Монголын говьд 1975 онд Говийн их дархан цаазат газар, түүний хамгаалалтын захиргааг байгуулсан нь Монголд төдийгүй олон улсад онцгой ач холбогдолтой үйл явдал юм. Энэ шийдвэрээр дэлхийд эхний аравт багтах томоохон экосистемийг бүхэлд нь, тодруулбал хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө хадгалсан говь цөлийн ховор, өвөрмөц экосистемийг хамгаалж үлдэх үндсийг тавьжээ. Үүний үр дүнд уг газар нутаг нь амьтан, ургамлын зүйлийн бүрдэл, экологийн үнэ цэн, дархан цаазын ач холбогдлоороо олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн байна.


Говийн их дархан цаазат газрыг байгуулснаас хойш “Говийн их дархан газрыг хөгжүүлэх”, “Тахь нутагшуулах”, “Их говийн экосистем болон түүний шүхэр зүйлийг хамгаалах”, “Говийн баавгай”, “Хавтгай тэмээ үржүүлэх”, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах” зэрэг олон улс болон үндэсний хэмжээний томоохон төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Ингэснээр одоогоор 350 гаруй тахь адуу, 52 мазаалай баавгай, 500 гаруй хавтгай тэмээ, 11 мянга орчим хулан адуу, 8 мянга орчим хар сүүлт зээр эх нутагтаа эсэн мэнд өсөж үржин, тогтвортой өсөж байгааг Монголын болон ХБНГУ, АНУ, Франц, Нидерланд, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, БНХАУ, Чех зэрэг орны эрдэмтэн судлаачид нотлон тогтоожээ.


Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль хамгаалалд тэдний оролцоог нэмэх, хүүхэд залуусын экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа ажээ. 

関連ニュース