ДАРХАН-УУЛ: ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар аймгийн 2026 оны төсвийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-03 18:09:01

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ. Эхний асуудал 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай, хоёрдугаар асуудал хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах юм. Өглөө 09:00 цагт эхэлсэн хуралдаан үдээс хойш 16:00 цагийн орчим нэгдүгээр асуудал буюу аймгийн ирэх оны төсвийг хэлэлцэн баталлаа.




Дархан-Уул аймгийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 88.0 тэрбум төгрөг, суурь зарлагыг 51.1 тэрбум төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 10.8 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 12.5 тэрбум төгрөгөөр батлав.


Монгол Улсын 2026 оны төсвийг батлахдаа инфляцын түвшинтэй уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулах, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын зарим төслийг хасах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн дүнг бууруулахгүй байх зарчмыг баримталсан байна.




Ирэх онд Шарын гол суманд хийх үерийн далангийн ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бол шинээр улсын төсвийн хөрөнгөөр ажил хийхгүй ажээ.

Харин өнгөрсөн оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилнэ.


Мөн 2026 онд төрийн албан хаагчдын тоог цомхотгохгүй, орон нутгийн нэмэгдлийг хэвээр олгоно гэж аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.




2026 оны төсвийг салбараар нь авч үзвэл:

43 орчим хувийг боловсролын салбарт

11 орчим хувийг эрүүл мэндийн салбарт

28 орчим хувийг дэд бүтэц, зам тээврийн салбарт

3  орчим хувийг нийгмийн салбарт

1 хувийг хууль, эрх зүйн салбарт

11 хувийг төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажилд тус тус зарцуулахаар төлөвлөн баталлаа.

Аймгийн төсвийн орлогын хувьд УИХ-ын хянасан 17,2 тэрбум төгрөг дээр бусад орлого 125,0 сая төгрөг, төсөвт байгууллагын өөрийн орлого 914,0 сая төгрөгийг нэмж 18,2 тэрбум төгрөг байхаар тооцсон.


Төсвийн зарлагын хувьд УИХ-ын баталсан 27.1 тэрбум төгрөгийн суурь зарлага дээр 20.6 тэрбум төгрөгийг нэмж 47.8 тэрбум төгрөг байхаар тооцсон.




Аймаг, сумдын төсвийн суурь орлого, зарлагын зөрүүгээр нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 44.6 тэрбум төгрөгийн сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын шилжүүлгийг тус тус тооцжээ.

Хуралдаан хоёрдугаар асуудлыг хэлэлцэж байна.

関連ニュース