ӨВӨРХАНГАЙ: Ирэх амралтын өдрүүдэд мөсөнд авиралтын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-01 16:55:12

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Улаанцутгалантын хүрхрээний мөсөнд авиралтын тэмцээнийг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулж хэвшжээ.


Анх 2012 онд “Mongolia Expeditions” компани, Монголын Уулын хөтөчдийн холбоо хамтран Монгол орны хамгийн их устай, хамгийн өргөн хүрхрээ болох Улаанцутгалантад уулчдын авиралтыг зохион байгуулж, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй 18 уулчин оролцсон нь улсын хэмжээнд анхны нэгдсэн цугларалт байв.


Энэ үеэр мөсөнд авиралтын зэрэг, ангиллыг тогтоосон нь өнөөг хүртэл хэрэгжиж байна. Улаанцутгалантын мөсөн хананы өндөр нь 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5 /water ice/ ангилалд хамааруулдаг байна. 



Мөсөнд дурлагчид, экстрим спорт сонирхогчдод зориулсан энэ өвлийн цугларалт “Kharkhorum Ice festival” 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. 13 дахь удаагийн цомын аварга шалгаруулах энэ тэмцээнийг мэргэжлийн болон сонирхогч тамирчдын дунд хоёр ангиллаар зохион байгуулах юм. Одоогоор дэлхийн топ 8-д багтдаг өндөр зэрэглэлийн тамирчид бүхий 20 гаруй хүн мэргэжлийн ангилалд бүртгүүлээд байна.


Энэ үеэр мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, тэшүүрийн уралдаан уламжлал ёсоор болох бөгөөд Орхоны хүрхрээг зорин очих замдаа Элсэн тасархай, Эрдэнэзуугийн музей, Төвхөн хийд, Үүртийн тохой зэрэг байгалийн үзэсгэлэнт болоод түүх, соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхох боломжтой.


Тэрчлэн “Kharkhorum Ice festival”-ын үеэр мөсөн урлалын гайхамшгийг харах, монгол гэрт хоноглох, малчин айлд зочилж, морь, сарлаг унах боломжийг зохион байгуулагчид бүрдүүлж байна.



Монголдоо анх Улаанцутгалантаас эхлүүлсэн мөсөнд авиралтын спорт энэ арван жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, олон клуб шил даран байгуулагдсаны зэрэгцээ олон улсын цол зэрэгтэй тамирчдыг төрүүлжээ. Чухам эндээс мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний мөнгөн медальт хоёр, хүрэл медальт хоёр, Азийн аварга тамирчин нэг тус тус төрөн гарсан, мөн мөсөнд авирах хоббитой залуусын тоо эрс нэмэгдэж байна гэдгийг “Монголиа экспедишнс энд турс” ХХК-ийн захирал С.Алдархишиг ярилаа.


Мөсөнд авирах тийм ч амар биш. Тамирчид сүхээрээ мөс рүү зоон дээш авирна. Энэ үед гарын шууны булчин ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Авиралтаа дуусгахын тулд төмөр сүхээ амандаа зуугаад гараа амраана. Энэ үеэр мөс цуурах, багаж хэрэгслээрээ өөрийгөө гэмтээх тохиолдол ч гарна. Гэсэн ч тамирчид эрсдэлээс, хүйтнээс айхгүйгээр эгц ханан мөс рүү авирч өрсөлдөхийн зэрэгцээ бэлтгэлээ хангадаг. Үүний хүчинд манай тамирчид мөсөнд авиралтын төрлөөр тив, дэлхийн аварга тамирчидтай хэдхэн долийн зөрөөтэй өрсөлдөж чаддаг байна.



“Кarakorum ice festival” мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээнийг жил тутамд 200-500 хүн үзэж сонирхдог бөгөөд дийлэнх нь нутгийн иргэд юм. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Франц Улсаас жуулчид ирдэг. Өвлийн аялал жуулчлал нь тусгай сонирхлын ба адал явдалт төрөлд багтах учраас жуулчид майхан барин хоноглох хүсэлтэй байдаг аж. Гэвч аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангах үүднээс жуулчны баазууд, гэр буудлыг ажиллуулдаг.


Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтыг олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх, тамирчдын авиралтын ур чадварыг дээшлүүлж, тив, дэлхийн тавцанд өрсөлдөхүйц шилдэг тамирчдыг төрүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татаж, эдийн засгийн эргэлт бий болгох, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх гэхчлэн олон зорилгыг агуулсан тус тэмцээний үр дүн, ач холбогдол арвин билээ. 

関連ニュース