АРХАНГАЙ: Халх Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-17 11:13:42

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Архангайн Музейн сан хөмрөгийн нэг хэсгийг бүрдүүлдэг бурхан шашны холбогдолтой, сонирхолтой үзмэрүүд бий.


Тухайлбал, танка буюу шүтээн бурхдын зураг, шашны хөгжим зэмсэг, хурал ном, тахилын эд өлгийн зүйл, шашны зан үйлийн зарим хэрэглэл бий. Эдгээр шашны цуглуулга нь Зая гэгээний өв, Заяын хүрээ болон нутгийн зон олны өв сангаас бүрдсэн байдаг.


Аймгийн музейд хадгалж буй эртний шүтээн бурхдыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад өндөр гэгээн Занабазар танкаг танилцуулъя.


Өндөр гэгээн Занабазарын танкаг 29х24см хэмжээтэй торгон дээр бэхээр урласан. Бүтээлийн төв хэсэгт анхдугаар Богд Занабазар /1635-1723/ номын хувцас асаан, баруун мутартаа очир, зүүндээ хонх барин, эрдэнийн түшлэгтэй давхар олбогт сэнтий дээр завилан суужээ.


Түүний дээр VI Богд Лувсантүвдэнчойжижалцан /1843-1848/, баруун дээр нь II Богд Лувсандамбийдонмэ /1724-1757/, зүүн дээр нь III Богд Ишдамбийням /1758-1773/, баруун талд нь IV Богд Лувсантүвдэнванчүг /1775-1813/, зүүнтээ нь VII Богд Агваанчойживанчүгдэрэнлэйжамц /1849-1868/ байна. Баруун доор нь V Богд Лувсанцүлтимжигмэд /1815-1841/, зүүн доод талд нь VIII Богд Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924/ байна.


Энэхүү бүтээлийг даавуун дээр барлан өнгө ялган буджээ.


Мөн өндөр гэгээн Занабазар /1635-1723/-ын 14 см өндөртэй, будагтай, шавар хэвлэмэл бурхан музейд хадгалагдаж байна.


Өндөр гэгээн Занабазар Төвөдийн Жавзундарнатын 16 дугаар дүр, анхдугаар Монгол Богд гэгээн юм. Монголын бурхан шашны соёл, урлагийг үндэслэгч, соёмбо үсэг зохиосон, төр, шашны зүтгэлтэн хүн. Занабазар нь одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт халхын Түшээт хан Гомбодоржийн удаах хүү болон мэндэлсэн. Түүнийг таван настайд нь Дарнатын хойд дүр халх Монголын анхдугаар Богдоор өргөмжлөн шарын шашны тэргүүнд залжээ.  


関連ニュース