АРХАНГАЙ: Эрдэнэбулган сумын хоёр багш англи хэлний хөтөлбөрт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-18 13:05:10

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад харилцааны яам, Филиппин Улсын Техникийн хамтын ажиллагааны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Манилагийн их сургуулийн англи хэлний хөтөлбөрт УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн дэмжлэгээр Эрдэнэбулган сумын нэг, гуравдугаар сургуулийн гадаад хэлний багш Р.Мөнхтуяа, Б.Нямсүрэн нар хамрагдаад иржээ.


Гадаад хэлний багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт нь Филиппин Улсын Манила хот дахь Lyceum of the Philippines University Manila сургууль дээр болсон ба Монгол Улсаас найман багш хамрагдсаны дотор Архангай аймгаас хоёр багш хамрагдсан юм. Уг сургалт нь 2025 оны 10 дугаар сарын 4-нөөс 11 дүгээр сарын 7-ныг хүртэл хоёр сарын хугацаанд болжээ.


Сургалтын хугацаанд Монголын соёл, уламжлал, орон нутгийн онцлогийг таниулахын зэрэгцээ Филиппин Улсын соёл, хамтын ажиллагааны эерэг туршлагыг судалж, олон талт харилцааг бэхжүүлэх боломж ийнхүү бүрджээ.


Боловсролын байгууллагын удирдлагууд багш Р.Мөнхтуяа, Б.Нямсүрэн нарт энэхүү хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлагаа боловсролын орчинд үр дүнтэй нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг хэлээд, амжилт хүслээ.


Мөн АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй, Орегоны их сургуулийн англи хэлний багш нарт зориулсан “Сурагчдын оролцоог нэмэгдүүлж, урамшуулж, идэвхжүүлэх аргууд” сэдэвтэй МООС /massive open online course/ буюу олон нийтийн нээлттэй 64 цагийн цахим сургалтад хамрагдаж, сертификат авчээ. 

関連ニュース