АРХАНГАЙ: Уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хаягдал усны даланг сэтэлсэн зөрчил илэрчээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-11-19 16:42:04

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргад 2025 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Цэнхэр сумын Орхон багийн иргэдээс гомдол иржээ.


Гомдол нь уул уурхайн олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж, Орхон голыг бохирдуулж байна гэх агуулгатай бөгөөд гомдол, мэдээллийн дагуу салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/03 дугаартай удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон чулуут голын сав газрын захиргаа хамтран хяналт шалгалт хийжээ.


Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй БМНС, Армико майнинг корпораци, Алтай голд, Батдөлгөөн мөрөн, Гурван хайрхны асар ХХК-иудад хяналт шалгалт явуулахад уул уурхайн ашигт малтмалын үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй зогссон байдалтай байжээ.


Шалгалтын явцад Гурван хайрхны асар ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд байсан уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хаягдал усны даланг сэтэлсэн зөрчил илэрсэн байна.


Энэ зөрчлийн дагуу Гурван хайрхны асар ХХК-д холбогдуулан аймгийн байгаль орчны газраас аймгийн Прокурорын газарт зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.


Хяналт шалгалтаар Шийртийн амны гол болон Өлийн голын ус нийлж буй хэсгээс голын уснаас дээж авч Усны газарт хүргүүлээд байна.


Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна хэмээн аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.