ДОРНОГОВЬ: Агаарын чанарын иж бүрэн автомат станц суурилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт агаарын чанарын иж бүрэн автомат станцыг наймдугаар сарын 25-28-нд суурилуулжээ.
Энэхүү автомат станцыг Байгаль, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /БОУАӨЯ/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яамтай хамтран агаарын чанарыг хянах иж бүрэн автомат станц суурилуулах төслийн хүрээнд БНСУ-ын 100 хувийн буцалтгүй 8.9 сая долларын хөрөнгө оруулалтаар суурилуулсан байна.
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв /УЦУОШТ/ нь агаарын чанарын хэмжилтийг 08, 14, 20 цагт 20 минутаар хийж агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэлийг хэмждэг байсан бол агаарын чанарын автомат станцтай болсноор хүхэрлэг хий, азотын давхар исэл болон PM2.5 тоосонцрын хэмжээг 24 цаг тасралтгүй хэмжих боломж бүрджээ.
Дорноговь аймгийн төв
Сайншанд сум нь 30 гаруй мянган хүн амтай бөгөөд жил ирэх тусам хүн амын суурьшил
нэмэгдэж үүнийг дагасан агаарын бохирдол ихсэх хандлагатай байдаг ажээ.