Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн амьдралд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-21 11:43:07

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЦТНҮБК-ын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран “Уур амьсгалын өөрчлөлт болон газрын доройтлын хөдөөгийн эмэгтэйчүүд, охидод үзүүлэх нөлөө” тусгай үйл ажиллагааг Нью-Йорк хотноо зохион байгуулав.

 

Энэхүү уулзалт нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний 2025 оны чуулга уулзалтын үеэр болсон юм. Хүн амын эмзэг бүлэгт хамаарах хөдөөгийн охид, эмэгтэйчүүд нь хүнс болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний 60-80 орчим хувийг боловсруулдаг ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын нөлөөнд нэн өртөмтгий бөгөөд шийдвэр гаргах шатанд төлөөлөл багатай байна. Иймд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг хамгаалагчид биш, өөрчлөлтийн манлайлагчид болгон оролцуулах нь энэхүү үйл ажиллагааны гол зорилт аж.


ЦТНҮБК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиоги зочин илтгэгчээр оролцож, мэндчилгээ илгээсний зэрэгцээ НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Хөтөлбөр, бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Шоко Ишикава хэлэлцүүлгийг удирдлаа. Хэлэлцүүлэгт Армени Улсын Байнгын төлөөлөгч Паруир Хованнисъян, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ЦТНҮБК-ын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарь, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Нью-Йорк дахь албаны дарга Жамил Ахмад, Байгаль хамгаалах сангийн Уур амьсгалын хөтөлбөрийн асуудал эрхэлсэн захирал Ребекка Беннер нар байлцав. Тэд байгаль хамгаалал, тогтвортой шийдлээр дамжуулан эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн дэмжиж буй туршлагаасаа хуваалцаж, санал солилцов.

 

関連ニュース