Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, текникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-08 10:37:08

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар  “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг өчигдөр  байгууллаа.


Санамж бичигт Монголын талаас ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, БНХАУ-ын талаас тус улсын Гаалийн ерөнхий газрын Амьтан, ургамлын хорио цээрийн газрын Ургамлын хорио цээрийн хэлтсийн дарга Юү Шяодун нар гарын үсэг зуржээ.


Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр улс мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, текникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан хортон шавж, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх юм. Мөн тэдгээрийг илрүүлэх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд харилцан мэдээлэл солилцож, хөдөө аж ахуй, ойн үйлдвэрлэлийг хамгаалах замаар хоёр улсын худалдааг хөнгөвчлөн, өргөжүүлэхээр зорьж байгаа аж. 

関連ニュース