Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-28 14:11:19

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн БГД-ийн төсвийн хөрөнгөөр Гандантэгчэнлин хийдийн дуган, дацан гудамж, нэвтрэх хаалга зэрэгт гэрэлтүүлэг хийж байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, “Их хотын гэрэл” компанийн гүйцэтгэж буй ажлын явц 90 хувьтай байна. Гэрлийг 12 дугаар сарын 5-нд асаана. Мөн Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулах ажил үргэлжилж, тохижилтын ажилтай холбоотой 55 айлаас 35 айлын газрыг чөлөөлөөд байна.


Нийслэлийн БГД-ийн 16 дугаар хороонд байрладаг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сард шинэчилсэн. Төв хийдийн урд 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилжээ.

 

関連ニュース