ДОРНОГОВЬ: Зүүнбаянгийн усан бассейн ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-07 16:28:09

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын тавдугаар багт байдаг улирлын чанартай Зүүнбаянгийн усан бассейн энэ оны долоодугаар сарын 5-наас ажиллаж эхэллээ. Монголын анхны задгай усан бассейныг 1957 онд газрын тосны үйлдвэрийн ажилтнууд Зүүнбаян тосгонд барьсан юм. Усан бассейнд том хүн 8000, хүүхэд 3000 төгрөгөөр сэлэх боломжтой.


Түүх сөхөхөд, Монгол Улсын усанд сэлэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд энд болоход Зүүнбаянгийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Тлехан, Андрeй гэх орос нэртэй монгол хоёр хүү Орост бэлтгэгдсэн мэргэжлийн усанд сэлэгчдийг ардаа орхин түрүүлсэн ч насанд хүрээгүй шалтгаанаар хоёуланг нь байр ухрааж байжээ. Энэхүү задгай усан бассейн бол Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэрийн ажилтнууд хийгээд Зүүнбаянд ажиллаж амьдарч байсан хүмүүсийн бахархал, ажил амьдралын нэгээхэн хэсэг нь болсон түүхэн бүтээн байгуулалт юм.


Урт нь 50 метр, өргөн нь 25 метр, гүн нь 4 метр, хүүхдийн зориулалттай хэсэг нь 0.5 метрээс 1.45 метр юм. Харин 2019 онд нефтийн үйлдвэрийн түүхт 70 жилийн ойгоор тус усан бассейныг сэргээн засварлаж ашиглалтад оруулсан билээ.

関連ニュース