ХӨВСГӨЛ: Олон улсын шууд нислэг хүлээн авах бэлтгэлийг хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 3 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал олон улсын шууд нислэг үйлдэх, хүлээн авах бэлтгэлийг хангаж байна.
Тодруулбал, БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хот чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долоодугаар сарын 29-ний 8 цаг 10 минутад мөрөн нисэх буудалд газардана.
Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирэх анхны шууд нислэг хийх бэлтгэл ажлын ажлын хэсэг хуралдаж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэхүү түүхэн нислэг манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой төдийгүй Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой юм.
Харин Улаанбаатар, Мөрөн чиглэлийн зуны нислэг энэ сарын 16-нд эхэлсэн юм.
Мөрөн нисэх буудал өнгөрсөн онд 620 буулт, хөөрөлтөөр 15000 зорчигчид үйлчилж, 150 тонн ачаа тээвэрлэжээ.