ХӨВСГӨЛ: Мөрөн суманд шинэ суурьшлын бүс байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-02 12:39:32

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд шинэ суурьшлын бүс байгуулах төслийг ирэх онд эхлүүлнэ. 


Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийг эхлүүлэхээр бүтээн байгуулалтыг төслийн гүйцэтгэгч “Голден Эй Эн Ти” ХХК-ийн захирал Э.Энхтунгалаг, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа.


Төслийн хүрээнд 1080 айлын орон сууцны хороолол, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 50 ортой өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, Онцгой байдлын аврах салбар зэрэг төрийн үйлчилгээний барилгууд болон 60 МВт-ын дулааны цахилгаан станц барих юм.


Бүтээн байгуулалтыг төслийн гүйцэтгэгч “Голден Эй Эн Ти” ХХК хэрэгжүүлэх бөгөөд шинэ суурьшлын бүс нь орон нутгийн хүн амын орон сууцны хэрэгцээг хангаж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэн, Мөрөн сумын хөгжлийн шинэ төв бий болгох боломжтой гэж үзэж байна.


Талууд төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж, аймгийн хүн амын амьдрах орчныг сайжруулах, орон сууцжуулах, хот байгуулалтын хөгжлийг дэмжих бодлогыг бодитоор хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

 


関連ニュース