Дэлгэрцогт сумын нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойiш 13 км зайд өнөөдөр 07:03:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Урьдчилсан байдлаар газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, тус аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн сум, Төв аймагт мэдрэгджээ. Одоогоор ямар нэгэн хохирлын тухай мэдээ ирээгүй байгаа тухай орон нутгаас мэдээлээд байгаа аж.
Дэлгэрцогт сумын нутагт болсон газар хөдлөлтийн төв нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км, Дэрэн сумын төвөөс баруун зүгт 29 км, Адаацаг сумын төвөөс зүүн зүгт 49 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.
Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.
Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.