“Alpha Gaming” баг Төв болон Өмнөд Азийн лигт түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хэдхэн цагийн өмнө цахим спортоор дэлхийн тавцанд эх орноо сурталчилж яваа “MongolZ” баг ДАШТ-ий дэд аваргаар тодорч монголчуудаа баярлуулсан бол PUBG MOBILE-ын төрлөөр Төв болон Өмнөд Азийн лигт Монголын баг түрүүлсэн баярт мэдээг дуулгаж байна.
Тодруулбал, PUBG MOBILE-ын Төв болон Өмнөд Ази бүсийн 2025 оны хаврын улирлын супер лиг Казахтсаны Алматы хотод боллоо. Энэ сарын 12-нд эхэлж, 10 хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнд ОХУ, Пакистан, Казахстан, Узбекистан, Монгол, Непал, Бангладешийн 20 баг оролцжээ. Манай улсаас “Alpha Gaming”, “Champions Esports” гэсэн хоёр баг өрсөлдөв.
Энэхүү
тэмцээний гурван өдрийн 18 тоглолтын үр дүнгээр манай улсын “Alpha Gaming” баг 170 оноо авснаар алтан медаль хүртэж, цомын эзэн болов. Тус
баг энэхүү лигт түрүүлснээр 36300 ам.долларын шагнал гардаж байгаа юм. Тэмцээний шилдэг
тоглогчоор “Alpha Gaming”-ийн А.Бүрэнбаяр тодорчээ. ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлж
байсан тэдний хувьд өмнө нь “4Merical Vibes” нэрээр тэмцээнд оролцож байсан бол
өнгөрсөн хавар нэрээ өөрчилж, Alpha Gaming болсон байна. Тэд өнгөрсөн жилийн
хавар болон намрын супер лигт түрүүлж байсан юм.
Харин “Champions Esports” багийн хувьд 93 оноогоор 12 дугаар байрт жагсаж, 7750 ам.долларын шагнал хүртжээ.