Олон улсын олимпын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-23 10:22:59

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. 1894 оны зургаадугаар сарын 23-ны энэ өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй. Тиймээс орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг.


Харин 1948 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар дугаар сарын 23-ны өдрийг “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэж иржээ. 


Тэгвэл Монголын үндэсний олимпын хороог 1956 онд байгуулж, үүнээс хойш зургаан жилийн дараа буюу 1962 онд Олон улсын олимпын хороонд гишүүнээр элссэн түүхтэй. ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болсон монголчууд 1964 оноос анхлан Инсбрук-1964 өвлийн олимп, Токио-1964 зуны олимпын наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл өвөл, зуны олимпын наадамд 30 удаа оролцсон байна. Ингэхдээ хоёр алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртжээ.


Монголчууд хамгийн анхны медалиа 1968 оны Мехикогийн олимпоос хүртсэн бөгөөд энэхүү амжилтын эзэн нь ардын багш Ч.Дамдиншарав гуай юм. Тэрбээр тус наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жинд зодоглож хүрэл медалиар энгэрээ мялааж байсан бол тухайн олимпоос хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Түүнчлэн ардын багш Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медалиар энгэрээ мялааж, монголчууд хоёр дахь зуны олимпод оролцохдоо дөрвөн медальтай эх орондоо ирж байв. Тэгвэл олимпын анхны алтан медалийг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпод жүдо бөхийн төрлөөр хүртсэн бол Э.Бадар-Ууган хоёр дахь боксоор авчирсан билээ. 







関連ニュース