БУЛГАН: 147 жилийн өмнө барьсан түүхэн байшинг музейн чиглэлээр ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-20 17:43:50

Булган, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Булган аймгийн Булган сумын төвд байрлалтай “Сүмтийн пүүс” гэх уг барилгыг 1878 оны үед орос худалдаачин хөлсний ажилчнаар анх бариулсан нь өдгөө ч хэвээрээ байгаа түүхэн байшин бөгөөд одоо музейн чиглэлээр ашиглаж байна.


Нутгийн хүмүүс орос худалдаачныг бавгар Мишиг буюу Мурат гэдэг байжээ. Мурат нь энэ байшинг 147 жилийн өмнө худалдааны төв болгон ашиглаж байжээ.


Дараа нь 1921 оны долоодугаар сарын 28-нд Х.Чойбалсан, П.Шетинкин, Рокосовский нарын удирдсан цэрэг вангийн хүрээг цагаантны цэргээс чөлөөлөн энэхүү байшинд байрласан байдаг. Орос Монгол дайчид вангийн хүрээнд байхдаа энд байрлаж хувьсгалын үйл ажиллагааг явуулж байжээ.


1965 оны долоодугаар сарын 21-нд Баруун замын байлдааны музей болгож музейн зориулалтаар ашигласаар иржээ. Уг барилга нь саарал өнгөтэй 4 буландаа луу арслан зэрэг амьтны дүрстэй, вааран дээвэртэй хөх тоосгон барилга юм.


Сүм хийдийн орой мэт чимэг бүхий дээвэртэй мод болон төмөр хашаатай эртний модон хаалгатай түүхэн барилгыг гадаадын аялагчид ихээр сонирхож байна.


関連ニュース