Говь болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-06-18 08:49:34

 Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17-+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27-+32 градус, бусад нутгаар +21-+26 градус дулаан байна.


Нутгийн баруун хагаст маргааш, 20-ноос ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

関連ニュース