Доминикан Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын Ерөнхийлөгч Луис Абиданерт Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 29-нд өргөн барив.
Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүхийн мэндчилгээг Доминиканы Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Луис
Абиданерт уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа,
эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол зэрэг боломжит бүх салбарт өргөжүүлэн
хөгжүүлэх, хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа
илэрхийлэв.
Ерөнхийлөгч Луис Абиданер Элчин сайд С.Золжаргалыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буй Монгол
Улсын анхны Элчин сайд болж байгаад баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсэж, хоёр
улсын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын
дэмжлэг үзүүлэхээ нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.