Мексикийн иргэд бүх шатны шүүгчдийг сонгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-29 17:10:15

МЕХИКО, 2025 оны тавдугаар сарын 29 /AFP/. Мексик улс бүх шатны шүүгчдийг сонгох боломжийг сонгогчдод олгодог дэлхий дээрх цорын ганц улс болох гэж байна. Харин энэхүү шинэчлэл нь шүүхэд үзүүлэх эрүүгийнхний хууль бус нөлөөллийг багасгах уу, эсвэл ихэсгэх үү гэдэг дээр санал зөрөлдөөн үүсээд байна.  


Бүх шатны шүүгчдийг сонгохын тулд урьд хожид байгаагүй санал хураалтыг явуулах нь авлига, ял шийтгэлээс чөлөөлөгдөх явдлыг арилгахад нэн тустай гэж засгийн газар үзэж байна. Харин шүүмжлэгчдийн зүгээс "уг шийдвэр нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж, мансууруулах бодисын зартай наймаачин Хоакин Гузманы өмгөөлөгч гэх мэт нэр хүнд нь эргэлзээ төрүүлдэг нэр дэвшигчид санал хураалтад оролцох боломжийг олгож магадгүй" хэмээн сэрэмжлүүлжээ. 


Ирэх ням гарагт сонгогчид холбооны, дүүргийн болон орон нутгийн шүүхийн хэдэн мянган шүүгчдийг сонгоно. Харин үлдсэн шүүгчдийг сонгох сонгууль 2027 онд болох ажээ. Гэхдээ эдгээр албан тушаалд хүссэн хүн бүр өрсөлдөх боломжгүй бөгөөд нэр дэвшигч нь хууль эрх зүйн боловсролтой, мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай, гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой.


Шүүхийн ажилтнууд зэрэг эсэргүүцэгчид шинэчлэлийг зогсоохын тулд удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулсан боловч бүтэлгүйтсэн байна. 28 настай хуульч Олимпиа Рохас Лувиано хэлэхдээ, шударга ёс бол таны санал өгөх зүйл биш, шударга ёсыг тогтооход туршлагатай, тусгай мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй гэлээ. Харин нийслэлд шүүгчээр ажиллахаар нэр дэвшиж буй шүүгч Мариа дель Росио Моралес сонгуульд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ. “Хот, эх орныхоо сайн сайхны төлөө би энэ үүргийг гүйцэтгэх болно гэж тэрбээр хэллээ.

 


関連ニュース