Сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сувилагчдад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нь тухайн улс орны нийгэм, эдийн засагт бодит өсөлт үзүүлдэг болохыг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс онцлон тэмдэглэжээ. Тиймийн учир, энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор тэмдэглэж буй юм.
Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, тухайн мэргэжлийн үнэ цэнийг өсгөх, сувилагчийн эрхийг хамгаалах зорилгоор
манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 30 дахь жилдээ тэмдэглэж байна. Эл хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Сувилагч
тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж хэлэхдээ, “Эрүүл Монгол
хүн” үндэсний хөдөлгөөн нь иргэдэд эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах
зөв зан үйлийг төлөвшүүлэн, өвчин эмгэг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл, учир
шалтгааныг таслан зогсоож, хүн амын өвчлөлийг бууруулан, дундаж наслалтыг
уртасгаж, амьдралын чанарыг сайжруулах зорилготойг Та бүхэн мэднэ. Тус үндэсний
хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын хамт олны хүчин
зүтгэл, хамтын ажиллагаа нэн чухал хэмээн тэмдэглэсэн юм.
Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг
мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж,
нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, судалгааны төвийн
бүтээн байгуулалтыг өнөөдрөөс эхлүүлж
буй. Энэхүү бүтээн байгуулалт нэгэн барилгын эхлэл биш, харин Монгол Улсад
сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх шинэ замналын
эхлэл болж байгааг тодотгов.
Манай улсын эрүүл мэндийн салбарт өнөөгийн байдлаар, 68 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 15 мянга нь сувилагч эзэлж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд төрөөс явуулсан бодлогын дэмжлэгээр
тус мэргэжлээр сурч, ажлын байранд гарч буй мэргэжилтнүүдийн тоо өссөн хэдий ч хангалттай түвшинд хүрээгүй гэдгийг оролцогчид энэ үеэр дурдаж байв.
Иймд Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих 2025-2028 оны цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж,
цаашид сувилагчийн лицей ангийг 9 дүгээр ангийнхны дунд нээх, оюутнууд суралцаж
байх хугацаандаа сувилагчаар ажилладаг байх, анхан шатны эрүүл мэндийн
байгууллагад Нийгмийн эрүүл мэндийн сувилагч бэлтгэн ажиллуулах, төгсөлтийн
дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, сувилагч нарыг гадаад улс оронд сурган
дадлагажуулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах
зэрэгт салбарын яам анхаарч ажиллаж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
илтгэлдээ тэмдэглэсэн юм.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулсан сувилахуйн салбарынхны уг зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ж.Буд гэргийн хамт хүрэлцэн ирсэн байлаа. Тэрбээр 41 дэх жилдээ сувилагчаар ажиллаж байгаа аж. Гэргий нь мөн сувилагч. Өнөөгийн нөхцөлд сувилагч нарын ажлын ачаалал их, ажиллах орчин нөхцөл хангалтгүй, цалин бага байгаад сэтгэл зовниж явдгаа хэлж байв. Тиймээс сувилагчдын цалинг бодлогоор нэмэхэд анхаарах хэрэгтэй гэсэн бодолтой байгаагаа хэллээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ үеэр хэлэхдээ Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн төслийг боловсруулан, үзэл баримтлалыг нь ХЗДХ-ийн сайдтай хамтран баталсан. Энэхүү хуулийн төслийг намрын чуулганаар батлуулахаар зорьж ажиллаж байна. Тус хуулийн хүрээнд сувилахуйн салбарынхны өмнө тулгамдсан олон асуудал шийдлээ олно гэсэн юм.