УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол УИХ-ын Тамгын газрын ажлын албан хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрладаг Түргэний цэцэрлэгт энэ сарын 10-нд мод тарилаа.
Мод тарихад УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон албаны бусад хүмүүс, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцов.
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд голт бор, гацуур, шар хуайс гэсэн гурван төрлийн 60 гаруй мод, бут тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа. Энэ жил төр болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага, иргэд оролцож, нийтдээ хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс зэрэг 10 гаруй төрлийн мод тарих юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ өдрүүдэд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцох, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нарт уриалсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.