УВС: Хан хөхийн нурууны ноён оргил нь 2928 м өндөрт орших Дуулга уул
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Увс аймгийн үзэсгэлэнт газруудын нэг болох Ханхөхийн нуруу нь ой мод, гол
горхи, ургамал, амьтан элбэгтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой.
Хан хөхийн нуруунд 61 зүйлийн хөхтөн, 206 зүйлийн шувууд байдгаас гадна ардын уламжлалт эм эмчилгээнд ашигладаг алтан гагнуур, алтан хундага, юмдүүжин, чацсэржим, рэ гомбо, тэхийн шээг, төлөгч өвс, шархны шар, манчин, хөх шар дэгд, ганга, мэхээр, таван салаа зэрэг эмийн ургамлууд, аньс, нохойн хошуу, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, улаалзгана, чацаргана, самар зэрэг жимс жимсгэнэ элбэг ургадаг.
Тус нуруу нь цөл, хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг
хязгаарладаг, экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар нутаг
юм. Нийт 360 км үргэлжлэн орших тус нурууны оргил нь далайн түвшнээс дээш 2928 м өндөрт
орших Дуулга уул билээ.
Хан Хөхийн нуруу нь Хангайн нурууны баруун хойд залгаа бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Хан Хөхийн нуруу нь Их нууруудын хотгор луу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана.
Хан Хөхийн нурууг 2205 ам км талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам км талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн
тахилгатай уул болгосон юм.
Уг зарлигт “Элэнц хуланцаас үүсэлтэй энэ сайхан нутгийн
сав шим бүхнийг сайтар тэтгэж, буян хишигт мал сүргийг маань үржүүлэн өсгөж,
үйлс зорилго нэгт үндэстэн ястан ард түмний маань заяа буяныг тэгшитгэн, хорлол
цээрлэл барцад саадгүй хотол даяараа энх тунх эв найртай оршин, далай мэт
арвин, тэнгэр мэт тэнүүн жаргаахын өлзий хутгийг дэлгэрүүлж бүрэн улс, сүлдэт
төрийг минь бат энх, өнө мөнхөд мандуулахыг сүсэглэн даатгаж айлтгая. Цаглашгүй
буянт тугийг өргөн соёрхохыг цагаан тугийн их үйлсийг эзэгнэн захирагч Ханхөхий
уулын тэнгэр та таалан болгоогтун. XVII жарны шороон хулгана жилийн
зуны адаг шаргачин хонин сарын билэгт сайн шаргачин хонь өдөр” хэмээжээ.