Б.Цэнд-Аюуш: Цагаан ултай гутлыг аймгийн брэнд бүтээгдэхүүн болгоход хувь нэмрээ бодитойгоор оруулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-14 14:56:24

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Цагаан ултай гутлыг Увсын брэнд бүтээгдэхүүн болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан “Өнөр-Ач” ХХК-ийн захирал Б.Цэнд-Аюуштай цөөн хором ярилцлаа.

 

-Та хэдийнээс цагаан ултай гутал үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Би Увс аймгийн Ахуйн үйлчилгээнд мастер хийдэг байсан. Зах зээлийн шуурганаар 1992 онд Ахуйн үйлчилгээ тарахад хувиараа цагаан ултай гутал оёж худалддаг болсон. Улмаар 2011 онд “Өнөр ач” компани байгуулж, 20 гаруй төрлийн загвар бий болгон Аж үйлдвэрийн яам гэж байхад бүтээгдэхүүний стандартыг батлуулж байлаа. Тухайлбал, зөвхөн цагаан ултай гутал дагнаж хийхгүйгээр хүүхдийн болон том хүний гэрийн углааш, сандаал, хавар намрын гутал гэх мэтээр төрөлжүүлсэн.


Ер нь бол цагаан ултай гутлыг Увсын аймгийн брэнд бүтээгдэхүүн болгоход манай компани өөрийн хувь нэмрээ бодитойгоор оруулсан гэхэд болно. Манай компани өнгөрсөн хугацаанд аймгийн ХХҮГ-т ажлын байрны захиалга байнга өгч, 118 хүнийг сургаж ажиллуулсан байдаг. Оргил үедээ байнгын 32 ажилтантай байлаа. Манайх 100 хос гутлыг хоёрхон хоногт хийдэг, сардаа 10 мянган гутал оёдог үйлдвэр байсан.

 -Цагаан ултай гутлын давуу тал нь юу вэ?

-Цэвэр арьсан, дулаахан, чийг татахгүй, хөлд эвтэйхэн, хөнгөн, зөөлөн байдгаараа цагаан ултай гутал их онцлогтой. Өвлийн улиралд -40-50 хэм хүрдэг тэр их хүйтнийг Увсынхан цагаан ултай гутлынхаа хүчээр л давдаг гэхэд болно. Ялангуяа малчид маш ихээр худалдан авдаг. Эхнэртээ, нөхөртөө, хүүхдүүддээ гээд нэг хүн дор хаяж шуудай гутал авна. Малчид хавар, намарт тус бүр нэг шуудай гутал авдаг байсан. Сүүлийн хоёр жил борлуулалт эрс муудлаа. Хүмүүс шуудай шуудайгаар гутал авахаа болиод ганц нэг ширхгээр л авч байна.

 

-Яагаад борлуулалт буурчихав?

-Янз бүрийн л шалтгаан байгаа байх. Хятадаас гутал их орж ирж байна. Бас комиссын гутал авч байгаа байх.

 

-Худалдан авалт буурсан болохоор үйлдвэрлэл бас буурсан гэсэн үг үү?  

-Тийм ээ. Манай компани гэхэд өнгөрсөн жилээс эхлээд үйл ажиллагаагаа сааруулсан. Одоо үлдэгдэл хүүхдийн 1000 хос гутал байгаагаа дуусгаад үйл ажиллагаагаа зогсоох бодолтой байна.

Ажилтнуудын цалин хөлс, татвар хураамж, үйлдвэрийн байрны цахилгаан, халаалтын зардал, зах дээрх лангууны түрээс татвар, бараа материалын үнийн өсөлт гээд зардлаа дийлэхгүй байна. Иймээс компаниа татан буулгаж, үйл ажиллагаагаа зогсоох шийдэлд хүрсэн. Би 20 гаруй жил ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Одоо нас сүүдэр маань 70 хүрч, ачаалал ч даахгүй болжээ.

Уг нь бол орон нутагтаа үйлдвэрлэсэн, аймгийнхаа онцлогт таарсан гутал өмсөх нь энд амьдардаг хүмүүсийн эрүүл мэнд, эдийн засагт хэрэгтэй л дээ. Даанч манай улсад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, дэмжих төрийн бодлого алдагджээ. Нэг хэсэг овоо байсан, одоо эргээд бүгд сөхөрч байна.

-Танд баярлалаа.

 

関連ニュース