УВС: Улсын чанартай олимпиадад байр эзэлсэн багш, сурагчдыг 87 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-07 10:35:37

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Улсын төрөлжсөн болон улсын чанартай олимпиад, уралдаанд амжилттай оролцон аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан багш, сурагчдыг урамшуулж, алдаршуулах “Амжилт бахархал-2025” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. 


Увс аймгийн боловсролын салбарынхан 2024-2025 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадын “Багш” төрөлд 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, “Сурагч” төрөлд 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Мөн монгол хэл, бичгийн “Анги нийт”-ийн төрөлд 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэнээс гадна “Улсын шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд нэг багш дэд байр эзэлсэн байна. Энэхүү амжилтыг гаргасан сурагчийг 3-5 сая, багшийг 1-3 сая, бэлтгэсэн багшийг 800 мянгаас 2 сая хүртэл төгрөгөөр шагнаж урамшууллаа.


Мөн улсын төрөлжсөн олимпиадаас бусад олимпиад, уралдааны амжилтыг журмын дагуу үнэлсэн бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын улсын төрөлжсөн олимпиадаас 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, Бага ангийн багш нарын улсын 2-р уралдаанаас 2 алт, 1 мөнгөн медаль, олон улсын Логик паззлын уралдааны 2-р шатнаас 2 мөнгө, 5 хүрэл цом, “Оюуны наадам- 2025” улсын уралдаанаас 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл, ТОП-10 медаль 9 тамирчин сурагч хүртсэн зэрэг бахархам амжилтуудыг Увс аймгийн багш, сурагчид гаргасан байна.


Тус үйл ажиллагааг Увс аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж, 87 сая төгрөгөөр багш, сурагчдыг урамшууллаа.

 

関連ニュース