УГТЭ: Францын зочин профессорын багтай хамтран хүүхдийн зүрхний хүнд өвчнийг эмчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.tuul@montsame.gov.mn
2024-08-29 14:23:18

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Францын Страссбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч, профессор Филлип Биллау тэргүүтэй хүүхдийн зүрхний мэс заслын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нартай хамтран энэ сарын 25-31-ний өдрүүдэд иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.


Эмч нарын хамтарсан багийнхан энэ сарын 25-нд зүрхний хүнд хавсарсан эмгэгтэй 4 хүн, бага насны 20 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн байна. Тус багийн эмч нар манай улсад ажиллах хугацаандаа Монголд хараахан хийх боломжгүй байгаа хүнд хэлбэрийн 9 тохиолдолд мэс засал хийхээр төлөвлөсөн аж.


Энэхүү тусламж үйлчилгээг Люксембургийн их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй МОН007 төслийн хүрээнд үзүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

関連ニュース