2024-2025 оны хичээлийн жилд ӨМӨЗО-ы их, дээд сургуульд тэтгэлгээр оюутан суралцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-15 15:15:24

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа. 


Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.

 Тавих шаардлага:

-Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна; 

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.      

Тэтгэлэгт багтах зардал:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зардал багтана:

-Сургалтын төлбөр

-Дотуур байрны төлбөр

-Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/

-Эрүүл мэндийн даатгалын зардал

Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.

Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:

Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургуулиуд өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалт хийх юм.


2024 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 14-ний өдрийн 23.59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. 


2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах их дээд сургууль, мэргэжил, бүртгэл, бүрдүүлэх бичиг баримт, сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.meds.gov.mn/post/155698 холбоосоор авах боломжтой.

関連ニュース