Мэргэжлийн байгууллагын мэдээлэл ба хэрэглэгчийн зөв хандлага

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-25 16:52:43

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр “Хэвлэл мэдээллийн салбарын цахим орчны өөрчлөлт, олон улсын чиг хандлага” сэдэвт уулзалт болж, мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчийн хандлага хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй талаар хэлэлцлээ.  


Манай улсад төдийгүй, дэлхий нийтэд цахим мэдээллийн хэрэгсэл хүчээ авч, иргэд олон нийт гар утаснаасаа мэдээллээ авдаг болсон. Гэхдээ мэдээлэл бүр үнэн, бодитой эсэхийг нягталж үзэх шаардлага бий болсон. Ийм нөхцөлд уламжлалт мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийг авах нь хэрэглэгчдэд зөв хандлага болно гэдгийг судлаачид хэлж байв.


Иргэд сошиал медиа буюу олон нийтийн сүлжээ нь нийгмийн харилцааны сэтгэл зүйн хөдлөлөөр тоглодог, туйлшруулдаг, хандалт авч, лайк дарснаар зөвхөн тухайн хүнийг л олон нийт дэмжин дуурайж, хүлээн аваад байна гэсэн ташаа, буруу хандлагыг үүсгэн нийгмийг талцуулж хуваадаг зэрэг сөрөг нөлөөтэйг ойлгохгүй байна.

Үүнийг улстөрчдөөс аваад шийдвэр гаргагч нар тооцон үзэх шаардлагатайг, нийгмийн бүхий л түвшинд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол дутмаг байгааг хэлэлцлээ.


Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг, манайх цахим орчинд түгээж буй эргэлзээтэй мэдээллийг баримтаар шалгаад тухайн мэдээлэл нь худал, ташаа болон төөрөгдүүлсэн, бүрэн бус байна уу гэсэн шинж чанартай байгааг олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаа явуулж байна.

Энэ нь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. Худал, ташаа мэдээллийг нягтлах нь үзэгч сонсогч, хэрэглэгчийн нэг үүрэг болоод буйг хэллээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөж буйг онцолж, энэ нь хуурамч мэдээлэлтэй холбоотойг хэллээ. Өнгөрсөн жилд 840 гаруй мэдээллийг хянан шалгаж, 87 хувь нь худал байна гэдгийг тогтоожээ.


Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн зөвлөх багш, Дани улсын олон улсын зөвлөх Йорген Рийнгард, уламжлалт сэтгүүлзүй болон дижитал сэтгүүлзүйн чиг хандлага харьцангуй өөр өөр байгааг Дани болон Скандинавын орнуудын жишээгээр авч хэлсэн юм. Алийг нь ч ашигласан бай хэрэглэгчдийн хандлагыг харгалзан авч харах хэрэгтэй. Мэргэжлийн редакцууд чанартай бүтээл бэлтгэхэд улам илүү анхаарах нөхцөл тулгарч байна. Сэтгүүлзүй үүгээрээ л ялгарна гэдгийг онцолж байлаа.


Хэлэлцүүлгийн үеэр Хэвлэлийн хүрээлэнгээс ХМХ-ийн судалгааг танилцуулсан юм. Манай улс 1999 онд 205 мэдээллийн хэрэгсэлтэй байв. 2000-2001 онд 300-гаас давж, 2012 оны байдлаар 450 ХМХ үйл ажиллагаа явуулж байсан нь хамгийн их тоо байв. Энэ үеэс мэдээллийн сайтын тоо тогтмол өсөж иржээ. Өнгөрсөн оны байдлаар нийт 263 мэдээллийн хэрэгслийн 88 нь мэдээллийн сайт байгааг танилцууллаа.


Үзэгч, сонсогч хэрэглэгчдийг насаар ангилбал, 18-24 насныхан интернэтийг хамгийн их буюу 90 хувь нь ашигладаг гэж гарсан бол 35-40 насныхан телевизийг хамгийн их буюу 55 хувь үздэг гэсэн дүн гарчээ. Радио сонсогчдын хамгийн их хувь нь 25-29 насныхан бөгөөд тэд нийт сонсогчдын 9 хувийг эзэлж байна. Хэвлэлийн хүрээлэнгийн судлаачдын дүгнэснээр:

  • Уламжлалт ХМХ-ийн тоо жил бүр буурч, мэдээллийн сайтын тоо өсөж байна.
  • Иргэд интернэтийг мэдээлэл авдаг гол эх сурвалжаа болгож байгаа бөгөөд түгээмэл ашигладаг мэдээллийн эх сурвалж нь нийгмийн мэдээллийн сүлжээ, тэр дундаа фейсбүүк болж байна.
  • Иргэд хүлээн авч буй мэдээллээ ялган таних, задлан шинжлэх, эргэцүүлэн тунгаах чадвар муу байна.
  • ХМХ нийгмийн мэдээллийн сүлжээгээр агуулгаа түгээх, сурталчлах, хэрэглэгчтэй харьцах хандлага нэмэгдсээр байна. Жишээ нь, телевиз, радио, мэдээллийн сайтууд фейсбүүк, твиттер хуудсаар дамжуулан мэдээллээ шууд түгээж байна гэжээ. 



関連ニュース