ХАА-н биржээр мал, мах арилжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-18 12:52:11

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржээр нийт 238.7 сая төгрөгийн мал, мах арилжаад байна.

Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу тус биржийн арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгийн малчид оролцож, 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжлаа.


ХХААХҮЯ Хөдөө аж ахуйн биржтэй хамтран мал, махны төвлөрсөн арилжааг албан ёсоор ийнхүү эхлүүлж буйг мэдээллээ. Ингэснээр мал, махыг дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдэж буй аж. Түүнчлэн,

  • Мал, махны биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх,
  • мөн тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдах боломжтой,
  • Үйлдвэр болон бусад худалдан авагч нар нэг дороос бөөнөөр худалдан авах, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, санхүүжилтийн эх үүсвэртэй болох зэрэг олон боломж шинээр бүрдлээ.


Ташрамд мэдээлэхэд, Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааны системийг хөгжүүлж, худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар үйл ажиллагаатай болоод байна. Энэ нь захиалгад тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм.


ХАА-н биржээр мал, мах арилжих анхны цанг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголын Махны холбооны гүйцэтгэх захирал Н.Батсуурь, ХАА-н биржийн удирдлага цохиж, арилжааг эхлүүлээд байна. 

関連ニュース