Монголч эрдэмтэн, судлаачдын бүтээлийг санхүүжүүлэхээ мэдэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол судлаач залуу эрдэмтэн, судлаачын 2023 оны зуны ээлжит сургалт өнөөдөр эхэллээ.
БШУЯ-нд
болсон сургалтыг нээж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, Монгол Улсын төр засаг, монголчуудын анхаарах хамгийн чухал асуудлын нэг нь монгол судлал
юм гэдгийг онцоллоо.
"Энэ нь үндэсний аюулгүй байдлын түвшинд ч яригдах ёстой сэдэв. Монгол судлалыг олон улсын хэмжээнд, өндөр түвшинд гаргахын тулд энэ талын үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чухал зүйл юм. Тиймээс гадаад, дотоодын монголч эрдэмтэн судлаач, тэр дундаа залуу судлаач, эрдэмтдийг яаж дэмжих вэ гэдэг Монгол төрийн их том бодлого байх ёстой" хэмээн тэрбээр хэлэв.
Сүүлийн жилүүдэд монголч,
залуу эрдэмтэн судлаачдын бүтээл, санал санаачилга, эрдмийн ажлын үр дүнд өмнө хөрвүүлж
байгаагүй, монгол судлал, Монголтой холбоотой материалууд, бичиг соёлын түүхийг
гадаадын томоохон эх сурвалжуудаас эх хэлнээ орчуулж байна. Энэ нь монгол судлалд,
Монголын түүх судлалд маш том хувь нэмэр болж байгааг тэмдэглэн хэлж, Шинжлэх ухаан, технологийн
сангаас цаашид монгол судлалаар магистр, докторантурын сургалтад сурч буй
гадаадын залуу эрдэмтэн, судлаач, оюутнуудыг дэмжих, хамтын судалгаа, бүтээлийг
санхүүжүүлэх, бүтээлүүдийг хэвлүүлэх зорилготой байгаа. Энэ талаар БШУЯ идэвхтэй
ажиллана гэдгийг тодотголоо.
БШУЯ Монгол судлаач, эрдэмтдийн зуны сургалтыг зөвхөн зуны, улирлын гэхгүйгээр байнгын, тасралтгүй хэлбэрээр зохион байгуулах хүсэлтэй байгаа аж.
2023 оны Залуу монгол судлаачдын зуны сургуульд Оросын
Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс,
Япон улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг дэлхийн
Монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний
байгууллагын 30 шахам залуу монголч эрдэмтэн оролцож байна.
Залуу монголч эрдэмтэн, судлаачид зуны сургалтын хүрээнд монгол ахуйтай танилцах хөтөлбөр гарчээ.