Бэлхийн гудамжуудад хог ангилан ялгах сав байрлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-06-28 17:55:49

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 35 дугаар гудамжны өрхүүдийг сонгон хог агуулан ачих зориулалт бүхий савыг туршилтын журмаар тавин, хашаанд суурилууллаа.

Энэ ажлыг Монгол Улсын засгийн газраас баталсан “Ажилтай Орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, “Сүхбаатар-Дэвшил” ОНӨААТҮГ хамтран хог хаягдлыг зүй зохистой ангилан ялгах төслийн хүрээнд хэрэгжүүлэв.

Энэхүү хогийн савыг суурилуулснаар үүсмэл хог хаягдалгүй болж, иргэд хог ангилан ялгах мэдлэг, дадалтай болох юм.

Ангилан ялгах хогийн сав нь хаана ч хэрэглэх боломжтой 600 см3 багтаамжтай, гэр хорооллын айл өрхүүдийн хашааны гаднаас онгойж болохоор суурилуулсан тул иргэд заавал гарч хог ачуулах шаардлагагүй, хүндрэлгүй. Мөн битүүмжлэл сайтай учир удаан хугацаагаар хогоо агуулахад санаа зовох зүйлгүй, галд шатахгүй, бат бөх өнгө үзэмж сайтай, хогийг ангилан ялгах боломжтой, мал амьтан тарааж оролдох боломжгүйгээрээ онцлогтой.

Түүнчлэн төслийг хэрэгжүүлэхэд иргэдийг оролцуулж, ажлын байраар хангасан бөгөөд тус Хөдөлмөрийн хэлтэс 2016 оны эхний хагас жилийн байдлаар дүүргийн 200 иргэнийг улирлын ажлын байранд, 1200 иргэнийг түр ажлын байранд ажиллуулж байгаа аж.

Ж.Болор

関連ニュース