Цэцэрлэг сумын 3 цэгт хяналтын пост ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавируст халдварын 15 тохиолдол батлагдсан учраас сумын хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлан, 3 цэгт хяналтын пост 24 цагаар ажиллаж байна.
Халдвартай 7 иргэнийг Мөрөн суманд зөөвөрлөн авч ирж эмчилж байгаа бол сүүлд илэрсэн 8 тохиолдлыг Цэцэрлэг суманд эмчилж байна. Өнөөдрийн байдлаар 13 иргэний биеийн байдал хэвийн, 2 хүн хүндэвтэр байгаа гэнэ. Аймгийн Онцгой комиссын 13-р хуралдааны шийдвэрээр Цэцэрлэг сумын сургууль, цэцэрлэг болон олон нийтийн арга хэмжээ, сумаас гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдөр хүртэл хориглоод байгаа юм.
Хяналтын 3 цэг дээр аймгийн Онцгой байдлын газар, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газар, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Аймгийн Онцгой байдлын газраас Цэцэрлэг сумын Шуурхай штабын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэн ажиллаж байгаа аж.