ХӨВСГӨЛ: Дулааны станцын өргөтгөлийн ажил 40 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-01 15:51:36

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор 21 МВт хүчин чадал бүхий Дулааны станцын өргөтгөлийг улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байна.


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх нар өргөтгөлийн барилгын ажлын үйл явц, нөхцөл байдалтай танилцлаа.




Тус өргөтгөлийн барилгын ажил 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 40 хувьтай бөгөөд 11-р сарын эхний 7 хоног гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэдгийг Дулааны станцын захирал П.Санлигрэнчин хэллээ.


Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор сүүлийн хоёр жилд дулаан хангамжийн доголдлоос үүдэн хүндрэлтэй нөхцөлд байсан айл өрх, албан байгууллагуудын дулааны асуудал шийдэгдэж, иргэд ая тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.


Хөвсгөл дулааны станц нь Мөрөн сумын 2813 өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг.

 



 

 

関連ニュース