ХӨВСГӨЛ: Бүрэнтогтох сум бяслагийн үйлдвэртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд сүү, цагаан идээ боловсруулах бяслагийн үйлдвэрийг ашиглалтад оруулж нээлээ.
Тус үйлдвэр нь орон нутгийн сүү, малчдын хөдөлмөрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой юм.
Хөвсгөл аймаг хамгийн их малтай аймаг бөгөөд энэхүү үйлдвэр малчдын сүүний борлуулалтыг нэмэгдүүлж, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох, цаашлаад гадаад зах зээлд бяслагаа экспортлох зорилготой гэдгийг нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх онцолж байлаа.
Үйлдвэрийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн санаачилгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, ХХААХҮЯ-ны захиалгаар "Голден прогресс" ХХК барьж гүйцэтгэжээ.