Дотоодын 80 гаруй ААН бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-08 17:25:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулж, дотоодын Аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн “Мишээл ЭКСПО” төвд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог нь оролцогч аж ахуйн нэгж, сонирхсон үйлчлүүлэгч бүрт банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгч, B2B уулзалтууд зохион байгуулж буйд оршиж байна. Үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, техник хэрэгсэл болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг дэлгэн танилцуулах юм. Мөн Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, эмнэлгийн болон цахилгаан тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжөө танилцуулна. Үзэсгэлэн оролцогч аж ахуйнй нэгжүүдийн зүгээс гадаадын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг дотооддоо бүрэн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээх шаардлагатай байгааг хэлж байлаа. Үзэсгэлэн энэ сарын 09-нийг дуустал үргэлжилнэ.

 
Ч.Ариунболд

Related news