2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-01 11:22:23

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг албан ёсоор гаргалаа.


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах тухай” А/233 дугаар тушаалаар шаардлага хангасан амралтын 31, сувиллын 24 байгууллагатай гэрээр байгуулсан байна. Засгийн газрын 2024 оны “Хөнгөлөлтийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 159 дүгээр тогтоолын дагуу ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт долоо хүртэлх хоногоор сувилуулж болох юм.


Нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35000 төгрөг, сувиллын газарт 40000 төгрөгөөр тооцжээ. Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой юм.







Related news