Наадмаар худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 576 цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-01 16:41:05

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгоно.


Наадамчин олонд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хангуулж, хяналт тавьж ажиллах юм.


Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг Ulааnbaatar.mn цахим хуудасны “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ээр өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд авах аж. Хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжид стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавих бөгөөд тогооч нь мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой аж. Түүнчлэн хоолны меню, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан дэвтэр шаардлагатайгаас гадна сүүлийн зургаан сарын хугацаанд шинжилгээ өгсөн байх ёстой аж.


Хүй долоон худагт Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгоно. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргаж, хариуцсан дүүрэг болон “Монгол наадам” цогцолбор, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэвжих төв хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 4, 5-нд хянаж баталгаажуулах аж.


Баяр наадмын талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Мөн бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи худалдахыг хориглох юм. Үүнээс гадна майонез, өндөг, крем, хиам оролцуулсан болон хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүн худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох аж. Түүнчлэн хүнсний зориулалтын бус, тэмдэг тэмдэглэгээгүй хуванцар саванд айраг, сүү, сүүн бүтээгдэхүүнийг савлаж худалдах, ундны усыг нөөцлөн хадгалах, хуушуурыг нэг удаагийн нийлэг хальсан уутанд савлаж үйлчлэхийг хориглоно. 



Related news