Ази, Номхон далайн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Монголд чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-06 18:03:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган Монголд анх удаа болж байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэрэгцээт мэдлэг, бизнес эрхлэлтийг дэмжиж буй олон улсын болон дотоодын байгууллагуудаас зөвлөгөө, мэдээлэл авах, бусад орны ажил хэрэгч эмэгтэйчүүдтэй туршлага солилцож, суралцах зорилгоор зохион байгуулж буй тус чуулганаар ЖДҮ болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүжүүлэх нь сэдвээр ОУСК, Санхүүгийн зөвлөх үйлчилгээний Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Рэйчел Фриймэн илтгэл тавив. Мөн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бизнесийн боломжуудыг бий болгох сэдвээр Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа бизнесийн боломжуудын талаар ярилцаж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх болон цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өсөж, хөгжих арга замын талаар хэлэлцсэн юм. Чуулганы үеэр “Аль ч орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд адилхан асуудал, сорилт, боломжуудтай тулгардаг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эдийн засгийнхаа тэн хагасыг авч явж, ажлын байрны 75 хувийг бий болгодог том хүч мөртлөө тэдний тулгамдсан асуудал бүр шийдлийн гадна үлддэг” гэдгийг онцлож байв.
Чуулганыг манай улсад энэ өдрүүдэд айлчилж буй Ази, Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Жемаль Инайшвили-гийн албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулж байна. Чуулганд манай улсын орон нутгийн бизнес эмэгттэйчүүдийн 100-гаад төлөөлөл оролцож байна.
Б.Болд
 
Related news