БНХАУ ДХБ-ын хэлэлцээнд шинэ тусгай, ялгавартай зохицуулалт эдлэхийг эрэлхийлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-01 10:45:21
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян хэлэхдээ, тус улс хариуцлагатай хөгжиж буй томоохон орны хувьд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын өнөөгийн болон ирээдүйн хэлэлцээнд шинэ онцгой, ялгавартай зохицуулалт эдлэхийг эрэлхийлэхгүй гэж зарлав. 


Энэ нь БНХАУ-аас олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалж, дэлхийн хөгжлийн болон засаглалын санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлэх чухал арга хэмжээ болно.


БНХАУ 2001 онд хөгжиж буй гишүүн орны хувиар ДХБ-д элссэнээс хойш олон талт худалдааны хэлэлцээнд идэвхтэй оролцож, өөрийн хөгжлийн түвшин, чадавхид тулгуурлан тусгай болон ялгавартай зохицуулалтыг бие даан, ажил хэрэгч байдлаар зохицуулж, олон улсын худалдааг либералчлах, хөнгөвчлөхөд чухал хувь нэмэр оруулж ирсэн. 


"Тусгай болон ялгавартай зохицуулалт эдлэх" нь ДХБ-ын олон талт худалдааны тогтолцооны үндсэн зарчмуудын нэг бөгөөд хөгжиж буй гишүүн орнуудыг дэлхийн худалдааны системд сайн дураар идэвхтэйгээр нэгтгэхэд нь туслах зорилготой. Эдгээр зохицуулалтыг эдлэх нь БНХАУ-д байх ёстой институцийн эрх мэдэл. Гэвч хариуцлагатай орны хувьд БНХАУ зохицуулалт эдлэхээс олон удаа сайн дураараа татгалзсан юм. 


Сүүлийн жилүүдэд БНХАУ олон талт худалдааны хэлэлцээнд идэвхтэй оролцож, үйлчилгээ, худалдааны дотоодын зохицуулалт хийж, шинэ коронавирусний вакциныг оюуны өмчөөс чөлөөлөх зэргээр ДХБ-ын хэлэлцээнд тусгай болон ялгавартай зохицуулалтыг эрэлхийлэхгүй гэдгээ мэдэгдэж, олон тооны хэлэлцээрт чухал хувь нэмэр оруулсан байдаг.


Өнөөдөр татвар ногдуулах, “хана босгож хаалт барих” зэрэг нэг талын болон хамгаалах арга хэмжээнүүд нэмэгдэж байгаа нь эдийн засаг, худалдааны дэг журам, олон талт худалдааны тогтолцоонд ноцтой хор хохирол учруулж, дэлхийн эдийн засагт тулгарч буй тодорхойгүй тогтворгүй байдлыг нэмэгдүүлсээр байна. 


Ийм нөхцөл байдалд БНХАУ ДХБ-ын өнөөгийн болон ирээдүйн хэлэлцээнд шинэ онцгой, ялгавартай зохицуулалт эдлэхийг эрэлхийлэхгүй гэж мэдэгдсэн нь олон талт худалдааны тогтолцоог дэмжих, дэлхийн хөгжлийн болон засаглалын санаачилгыг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Үүгээрээ БНХАУ хариуцлагатай байдлаа харуулж байна.


БНХАУ шинэ онцгой, ялгавартай зохицуулалт эдлэхийг эрэлхийлэхгүй гэсэн мэдэгдэл нь хөгжиж буй орны статусын өөрчлөлтийг илэрхийлэхгүй, хэдийгээр Хятадын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийд хоёрдугаарт ордог, бараа бүтээгдэхүүний экспорт дэлхийн нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг эзэлдэг ч гэсэн нэг хүнд ногдох ДНБ нь 13,500 ам.доллар буюу АНУ-ын 1/6 орчим, Европын холбооны 1/3 орчим хувьтай тэнцэж байна. Мөн хүний хөгжлийн индексээр дэлхийд 79 дүгээр байрт ордог нь хөгжиж буй томоохон орнуудтай харьцуулахад бараг адил төвшинд байгаа юм. Иймд БНХАУ цаашид "дэлхийн өмнөд" -ын гишүүний хувьд хөгжиж буй оруудын талд үргэлж зогсож, найдвартай түнш хэвээр байх болно.


Монгол Улс бол хөгжиж буй орон бөгөөд БНХАУ-ын чухал хөрш, түнш. Хоёр орон олон улсын болон бүс нутгийн асуудлаар олон нийтлэг байр суурьтай байдаг. Бид олон улсын тавцанд бие биенээ дэмжиж, нягт хамтран ажиллаж, олон талт үзлийг хэрэгжүүлж, дүрэм журамд суурилсан найдвартай худалдааны тогтолцоог дэмжих болно. Мөн ДХБ-ын шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцож, хөгжиж буй гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, хойд болон өмнөдийн орнууд хоорондын хөгжлийн ялгааг арилгаж, эдийн засгийн засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах болно.


Лю Жинжи 

(БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 

Эдийн засаг, худалдаа хариуцсан зөвлөх)

Related news