Зарим үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагыг Дарханд шилжүүлэх боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-21 12:03:29
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд холбогдох албаны төлөөллүүдийн хамт Дархан-Уул аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга С.Насанбат болон бусад удирдлагуудтай уулзалт хийлээ.

Тус уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлагаар, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж хамтын ажиллагааны санамж бичгийг дээрх аймгуудтай байгуулсан ажээ.
Үүний хүрээнд энэ онд ашиглалтад орсон Малын удмын сангийн үндэсний цогцолбор, Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн 1969 онд байгуулагдсан ХААИС-ийн харьяа Агроэкологи, бизнесийн сургуультай танилцаж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, их дээд сургуулиудын тодорхой тэнхимүүдийг Дархан хотод шилжүүлэх зорилгоор ХААИС-ийн Агроэкологи бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй болон эрдэмтэн багш нартай санал солилцох уулзалт хийж ажлынхаа зорилгын талаар ярилцлаа.
Дархан хотод дээрх сургуулийг түшиглэн Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнг ашиглан багш судлаачид, оюутны эрдэм шинжилгээний ажлыг явуулах, дадлагажуулах улмаар шилжүүлэн төвлөрүүлэх боломж байгаатай санал нэгдэж, холбогдох яаманд уламжлахаар боллоо.
Төвийн бүсийг хөгжүүлэх, тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, оновчтой зохион байгуулалт, төлөвлөлт хийхэд аймгуудын тамгын газрын ажилтан албан хаагчдын үүрэг их учраас ажлын хэсэг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчидтай уулзалт хийсэн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат хэлсэн үгэндээ, “Манай аймгийн тухайд Арьс ширний үйлдвэрүүдийг төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр 25 мянган хүний ажлын байрны асуудал яригдахын зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа тэргүүлэгч үйлдвэрүүдийн түүхий эд ч төвөггүй нэмэгдэх, Эрдэм шинжилгээний зарим байгууллагуудыг Дарханд шилжүүлэн төвлөрүүлэх, “Дархан үйлдвэр технологийн парк”-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас тусгайлан бодлогоор дэмжиж эрчимжүүлснээр төвлөрлийг сааруулах давуу талууд байгааг онцолсон юм.
"Алтан гурвалжин-Хөгжлийн бүс"-д манай аймаг нэгдсэнээр Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн аймгийнхаа хөгжлийг түргэтгэх давуу талтай гэж үзэж аймаг орон нутгийн удирдлагууд үзэж байгаа аж.
Уулзалт хэлэлцээрийн шатанд явагдаж бодит байдалтай өөрийн биеэр танилцаж байгаа болохоор энэ удаад тодорхой шийдвэр гаргах боломжгүй дараа дараагийн шатны ажлуудыг эрчимжүүлж Засгийн газар болон холбогдох яамдад уламжлахаар боллоо.
Дашрамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болсон юм.
 
Л.Отгонбаатар

Related news