“Гэрэлт гудамж”-ийг будахад нийслэлээс хөрөнгө гаргаагүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-27 12:12:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэрэлт гудамж”-ны тохижилт буюу автозамын будаг энэ сарын 26-27-ныг шилжих шөнө орсон борооны улмаас арилсан байна. Энэ талаар өнөөдөр “Жоби” компанийн Ерөнхий менежер Б.Чингис мэдээлэл хийв.

Тэрбээр "“Жоби” нь Монгол Улсад замын тэмдэглэгээний будаг үйлдвэрлэж буй анхны компани бөгөөд үүнийгээ бэлгэдэж нийслэлдээ тохижилтын ажил өрнүүлэх саналыг Хотын даргад хүргүүлсэн. Хотын дарга бидний саналыг дэмжиж, Гэрэлт гудамжийг тохижуулахаар болсон юм. Бид холбогдох албаныхан буюу ЗЦА, НЕТГ болон “Гэрэлт гудамж”-ны менежментийн багийнхантай зөвлөлдсөний үндсэн дээр замыг будаж эхэлсэн.  Замын будаг маань хоёр үе түрхэгдэж, тодорхой хугацааны дараа бүрэн хатах ёстой. Гэвч будаг бүрэн бэхжиж, хатаагүй байхад бороо орсны улмаас урссан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл хэдий ч иргэдийнхээ тав тухыг алдагдуулсандаа хүлцэл өчиж байна. Энэ ажлыг хийхэд “Жоби” компани 10 сая төгрөг зарцуулсан бөгөөд нийслэлээс нэг ч төгрөгийн санхүүжилт гаргаагүй” гэлээ.

Түүнчлэн компанийн зүгээс цаг агаарын нөхцөл байдлыг нарийн судлан "Гэрэлт гудамж"-ийг дахин будахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Ч.Ариунболд
Related news