Сувилагчдын санаачилсан шинэ бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-30 20:42:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Олон улсын сувилагчдын өдрийг угтан аймгийн ЭМГ-ын дэргэдэх “Эрүүл мэнд хөгжил” клубын санаачилгаар өнөөдөр Эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд “Сувилахуйн технологи-2018” шинэ санаа, бүтээлийн үзэсгэлэн боллоо.

Шинэ санаа, шилдэг бүтээлийн уралдаанаар гаргадаг эл үзэсгэлэнг 9 дэх жилдээ зохион явуулж байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн салбарын 100 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд шинээр хийсэн бүтээлүүдээ дэлгэн тавьсан юм.
Тодруулбал Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн хамт олон өвдөг шилбэнд халуун жин тавихад зориулагдсан гар хийцийн сандал, сувилагчийн мэдээлэл цахим карт, тайвшруулах цүнх буюу өвчтөнд хэрэглэгдэх бүхий л эм бэлдмэл, цай, зэргийг багтаасан бүтээлээр оролцож байгаа бол Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасгийнхан уушгины зохиомол амьсгалын аппараттай өвчтөнийг уушгины хатгалгаанаас сэргийлэх технологи, эмийн хугацааны талаарх мэдээллийг илтгэх хяналтын самбар зэрэг бүтээлүүдээр оролцож байна.
Уралдаанд оролцсон бүтээлүүдийг үйлчлүүлэгчдэд ээлтэй аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын чанарын шаардлага хангасан байдал, тусламж үйлчилгээ үзүүлэх цаг хугацааг хэмнэсэн байдал, эдийн засгийн тооцоо, бусдад туршлага болохуйц шаардлагыг хангасан байдал зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ажээ.

“Сувилахуйн технологи-2018” шинэ санаа, бүтээлийн үзэсгэлэнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЭМГ, НЭМТ, Шарын гол сумын эрүүл мэндийн төв, Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 5 өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцож байна.

Шилдэг технологиор шалгарсан бүтээлүүдийг тавдугаар сарын 12-ны өдөр болох олон улсын сувилагчдын өдрийн нэгдсэн үйл ажиллагааны үеэр танилцуулж батламж гардуулах ажээ.
 
Л.Отгонбаатар

 

Related news