Гар бөмбөгийн тэмцээнд Хэнтий аймгийн охид, хөвгүүд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-22 17:30:43
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод зүүн бүсийн идэрчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн боллоо.
Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймгийн 150 гаруй тамирчин оролцсон тус тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Тэргүүн байрт Г.Тэмүүжин, Д.Гантунгалаг ахлагчтай Хэнтий аймгийн охид,хөвгүүдийн шигшээ баг түрүүлж медаль мөнгөн шагналаар шагнуулав. Тэмцээний шилдэг тэгш тоглогчоор Г.Тэмүүжин, Э.Хүслэн нар шалгарсан.
Удаах байрт Говьсүмбэр аймгийн баг шалгарлаа. Шилдэг холбогчоор Говьсүмбэр аймгийн н.Тэмүүлэн, шилдэг довтлогчоор Б.Мөнхсайхан, шилдэг хамгаалагчаар Д.Баяндэлгэр нар үзэгчдийн талархлыг хүлээж тус тус шалгарлаа. Охидын ангилалд хүрэл медалыг спортын мастер Ж.Аяжан дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Эрдэнэбилэг, н.Ганхүү дасгалжуулагчтай, Г.Мөнхтулга ахлагчтай Сүхбаатар аймгийн баг хүртэж медаль, мөнгөн шагналаар шагнуулав.
Дээрх тэмцээнийг говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн хүрээнд  спортын томоохон арга хэмжээ болгож Дорноговь аймаг санаачлан зохион байгуулсан байна.
Х.Эрдэнэбулган
Related news