Төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-21 16:00:54
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл гуравдугаар сарын 21-нд Сайншанд хотод чуулж тулгарч буй бэрхшээл, ололт амжилт, цаашид хийх ажлын талаар ярилцаж, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд  туслах, бүс нутгийн хөгжилд нэгдэж хамтран ажиллахаар боллоо. 
Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй 100 гаруй төрийн бус байгууллага байдгаас энэ удаа 50 орчим нь иржээ. Үүнээс жигд, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь гарын 10 хуруунд багтахаар цөөн бөгөөд “Манлайлагч иргэд, Хариуцлагатай залуу манлайлагч, Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг “Эх орон хамтын хүч” зэрэг төрийн  бус байгууллагууд бусдыгаа  манлайлан идэвхтэй ажилладаг байна.
Төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулах байргүй, санхүүгийн чадамж муу, өөрсдийн боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, сургалт семинарт оролцох боломж тааруу, аливаа асуудалд нэгдэж чаддаггүй, төрийн бус байгууллага нэрийн дор тамга тэмдэг өвөртөлсөн цөөн хүн байдаг зэрэг сөрөг талууд байгааг оролцогчдын төлөөлөл хэлсэн.
Тиймээс цаашдаа төрийн бус байгууллагууд хоорондоо байнга мэдээлэл солилцдог болох,  төсөл хөтөлбөр хамтдаа хэрэгжүүлэх, хамтарч үйл ажиллагаа явуулах талаар санал нэгдсэн байна. Зөвлөлгөөний үеэр оролцогчдод төрийн бус байгууллагатай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, татвар хураамж, статистикийн байгууллагад тайлан мэдээг хугацаанд нь үнэн зөв гаргаж ирүүлэх, төрийн бус байгууллагыг чадавхжуулах, төрийн байгууллагаас төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх, хамтран  ажиллах боломж, санал, бүс нутгийн аялал жуулчлалд төрийн бус байгууллагын оролцоо зэрэг асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгч харилцан ярилцав.
Зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулав.
Х.Эрдэнэбулган
Related news