26 иргэнийг Солонгос хэлний сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-16 18:09:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Асрамж халамжийн төвд амьдарч буй насанд хүрсэн  26 иргэнийг  Солонгос хэлний сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нийслэл болон аймгуудын асрамж, халамжийн төвүүдэд амьдарч байгаад насанд хүрч, бие дааж амьдрах чадвартай болсон 26 иргэний өөрсдийн хүсэл сонирхлыг харгалзан үзэж, БНСУ-д дадлагажих ажилтнаар явахад шаардлагатай Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо. 

Сургалт  энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай болох аж. Шалгалтандаа тэнцсэн залуучуудад Солонгосын соёлд дасан зохицох цуврал сургалтуудыг зохион байгуулах юм. Мөн асрамж, халамжийн төвд амьдарч буй өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх, таатай орчинг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулж буй төр болон хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй хэмээн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Related news